Монголын долоо хоног

Baasansuren Gankhurel
4 min readFeb 13, 2023

--

100 жилийн дараа биднийг 100 жилийн өмнө ийм байжээ гээд ярих нь

https://i.unu.edu/media/ourworld.unu.edu-en/article/3907/Ishikawa-map1.jpg

Японд ирсэн цагаасаа Ишикава гэх аймагт амьдраад 6 жил гаран өнгөрчээ. Ирэхээс маань эхлээд олж уулзан, тусалж дэмжиж ирсэн япончуудын үйл ажиллагааг нь явуулдаг Ишикава-Монголын холбооноос (https://www.facebook.com/mongolishikawa) Япон Монголын найрамдалт харилцаа тогтоосны 50 жилд зориулан 100 жилийн өмнөх Монголыг харуулсан гэрэл зургуудаар энд үзэсгэлэн гаргаж (2023.2.11–2.19), Монгол судлаачдыг урьж хэлэлцүүлэг, лекц зохион байгууллаа.

Үзэсгэлэнгээс (Эх сурвалж. Ишикава Монголын холбоо)

Гол илтгэгч Конагаяа Юки

/Японы Угсаатан судлалын музейн зочин профессор/

1957 онд Осакад төрсөн тэрээр 1979 онд Киотогийн их сургуульд сурч байх үедээ Монголд солилцоогоор суралцсан анхны япон эмэгтэй оюутан болжээ.

Зүүн гар талд. Монголч эрдэмтэн Шиотани Максүда, баруун гар талд. Монголч эрдэмтэн Конагаяа Юки

Тэр цагаас хойш нүүдэлчдийн аж амьдрал, соёл, зан үйлийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж олон ном, нийтлэл бичжээ. Лекцийнхээ үеэр залуу үе бидний туулж үзээгүй үеийн тухай сонирхолтой зүйлс хэлж байлаа. Монгол улс 2 том гүрний дунд хавчуулагдан, нийгэм цаг үе солигдон дасан зохицох гэж яарах үедээ хуучин мэддэг, чаддаг зарим зүйлс, соёл, зан үйлээ судлах,тэмдэглэх боломж бололцоо бага учраас гадна нь байгаа олон улсын эрдэмтэд тэр бүгдийг сайн тэмдэглэж үлдээх хэрэгтэй гэж хэлсэн нь нэг талаас ортой хийгээд баярлууштай санагдав. Түүнийг Монголд сурах үед социализмын нийгэм байсан учраас гадаад оюутнуудыг 40 км-ээс гадагш явахыг хориглодог байж. Гэтэл судалгааны ажил нь нүүдэлчдийн тухай болохоор хөдөө явахгүй бол боломгүй санагдаж, дүрмийг нь зөрчин дээл өмсөөд Чойр хүртэл явж малчин айлд очиж байсан гээд дурсамжаасаа хуваалцлаа. Түүгээр ч үл барам дүрэм зөрчиж явсан нь баригдаж, байцаагдаж сүүлдээ нутаг буцаах болоход нь солилцоогоор ирсэн учраас хэрвээ би буцвал тэнд очсон монгол оюутан бас буцах хэрэгтэй болно аль нь дээр гэдгийг та бүхэн өөрөө шийд хэмээн шийдэмгий хэлсэн дээ хүн аминд тулаад ирэхээр зоригтой болдог шүү гэсэн нь үнэний ортой санагдлаа. 20 настай гэхэд бас зоригтой юм аа гэж бодон бодон сонсов. Судалгаанаасаа гадна настай хүмүүсийн яриаг тэмдэглэж үлдээх ажил эхлүүлсэн гэнэ. Археологичид хэдий хүний ясыг дараа нь гаргаж ирж судлаад тухайн үеийн талаар мэдээлэл олох боломжтой ч хүний ой ухаанд үлдсэн зүйлийг сэргээх боломжгүй учраас амьд үед нь тэмдэглэж үлдээхийг зорилгоо болгож яваа гэнэ.

Конагаяа Юбки “Орчин үеийн Монголыг мэдэхэд хэрэгтэй 50 бүлэг”

Түүний бас нэгэн ажил нь интернэтэд байгаа хуучны зургуудыг цуглуулж, нэгтгэх. 2022 оны хавар Угсаатан судлалын музейд Монголын хуучны болоод одоог харуулсан зургийн үзэсгэлэн зохион байгуулсан гэнэ. Хүсвэл доорх сайтаар үзэх боломжтой юм байна. Тухайн үзэсгэлэнд дэлгэгдсэн олон зурагны зөвхөн нэг хэсгийг энэ удаад Ишикава мужийн Каназава хотод дэлгэн бидний хүртээл болгож байна.

100 жилийн өмнөх амьдрал гэвэл надад бол номноос уншсанаас яг бодит байдлыг зургаар харж байсан удаа байхгүй санагдана. Жишээ нь Рой Чапмэн Андрюс экспедицээр ирэхээсээ өмнө эхнэртэйгээ хоёулаа 1918–1919 онд урьдчилсан судалгаа хийх зорилгоор ирэх үедээ түүний эхнэр нь тухайн үеийг ялангуяа эмэгтэйчүүдийн зургийг дарж байж. Бүр сэтгүүлд хэвлүүлснээ сүүлд нь ирэхдээ өөрсдөд нь авчирч үзүүлж, гадны сэтгүүл дээрх өөрсдийн зургаа харан суугаа Монгол бүсгүйчүүдийн зураг хүртэл байна.

20-р зууны Монголыг судлаачдын маршрут

Панелист Шиотани Максүда /Комацу Их Сургуулийн профессор/

Төв Азийн түүх тэр дундаа Монголыг судлагч, Энэтхэгийн Кашмирт төрсөн тэрээр Энэтхэгээс Монголд суралцсан анхны солилцооны оюутнуудын нэг. 1980–1982 оны хооронд Улаанбаатарт сурч байх үедээ нөхөртэйгээ танилцсанаар Японд суурьших болж. Тэр үед гадаад оюутнуудад 40 км-ээс хол явж болохгүй гэсэн дүрэм байсан ч Энэтхэгчүүдэд харин манай Монголчууд их элэгтэй байсан гэнэ. Хүмүүс дуудаж ирээд л жижиг бурхнаа үзүүлдэг, бурхны орноос ирсэн гээд л их элгэмсүү дотно ханддаг гээд баяртайгаар хэлж байлаа. Ганцхан удаа асуудал гарсан нь энэтхэг оюутнуудыг шөнө орой хэтэрхий их чанга инээлээ гэж дуудагдсан гэнэ. Гэхдээ Монголчуудыг шоолсон ч юмуу ямар нэгэн муу утгагүй Энэтхэг хүмүүсийн онцлог зан нь чанга ярьж их инээдэг гэж Энэтхэгийн элчингийн ажилтан нь тайлбарлаж байж асуудалгүй өнгөрсөн гэнэ. Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн тухай англи хэл дээр ном хэвлүүлсэн байна.

Панелист Кубота Шиничи /Япон Монголын холбооны дарга/

Монгол Японы холбоог анх үүсэхээс нь байсан Конагаяа Юки профессортой нэг үеийн Монголч судлаачдын нэг тэрээр Монголд Жайкатай хамтран олон төрлийн судалгаа хийж байсан тухайгаа хуучиллаа.

Кубота Шиничи “Монгол хаашаа явах вэ”

Энэ хүмүүсийн яриаг сонсоод байхад бид Монгол хүн ч гэсэн яагаад гэдэг ч юм уу өөрсдийгөө тийм их нарийн судалж бодоод байдаггүй шиг манай орныг тал талаас нь судалж байгаа судлаачдын яриа хамаагүй сонирхолтой юм. Бидний өөрсдөө энгийн гэж боддог зүйлс гадны хүмүүст их өөр санагддаг гэдгийг анзаарлаа. Жишээ нь Японд гэр оронтой болно гэвэл аль нэг барилгын компанид хандаад каталогоос сонгоод бариулчихдаг бол, Монголд нүүдэлчдийн сэтгэлгээнээс онцлог гэх үү гэр орон гэвэл өөрсдөө байшингаа бариад орчихдог тиймдээ ч хэрвээ дээрээс нь харвал дахин давтагдашгүй загвартай байхад Японых ихэнхдээ хоорондоо төстэй харагддаг гэнэ. Огт сонирхож боддоггүй байсан Монголч эрдэмтдийн тухай М.Саруул-Эрдэнэ гуайн бичвэрүүдийг уншиж сонирхдог болоод түүний монгол хэлнээ орчуулсан Николас Поппе гэх Оросын Монголч эрдэмтний номыг уншиж байх үедээ ийм арга хэмжээнд оролцож илүү их сонирхох сэдэл төрж, олж сонссон багахан зүйлээ энд сийрүүлэв.

2022.02.13 Япон улс Каназава хот

--

--

Baasansuren Gankhurel
Baasansuren Gankhurel

Written by Baasansuren Gankhurel

Эрүүл бие, сэтгэл сайхан амьдралын суурь гэдэгт итгэсэн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүслээ😊 PhD of Earth Science🌎🏞📖 RYT-200 Yoga instructor

No responses yet